JETRO болон ХХБ-ны хамтран зохион байгуулсан Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалтад оролцлоо
Япон улсын гадаад худалдааг дэмжих агентлаг (JETRO) болон Худалдаа, Хөгжлийн Банк (ХХБ) хамтран зохион байгуулсан "Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт, семинар" амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээ нь JETRO-гийн “Business Mission” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн бөгөөд Япон улсын 20 гаруй компанийн удирдлага, төлөөлөгчид Монголын зах зээлтэй танилцах, хамтын ажиллагааны боломжуудыг судлах зорилгоор хүрэлцэн иржээ. Уулзалтын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид харилцан туршлага солилцож, цаашдын түншлэлийн суурийг тавих чухал хэлэлцүүлгүүдийг өрнүүлсэн юм.
Тус арга хэмжээнд манай "Өмгөөллийн Алисон энд Кейт Партнерс" ХХК (AKP хуулийн фирм) болон манай охин компани болох "Алисон энд Кейт Файнэнс" ХХК (AKF санхүүгийн фирм)-ийн төлөөллүүд оролцлоо. Бидэнд хоёр орны бизнес эрхлэгчдийн хэлэлцүүлгийг сонсож, Монгол–Японы бизнесийн орчин дахь хууль, эрх зүй болон санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцох боломж олдсонд баяртай байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) онцлох үзүүлэлтүүд
Арга хэмжээний үеэр танилцуулагдсан илтгэлүүдээс Монгол Улсад орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөхцөл байдал, тэр дундаа Япон улсын хөрөнгө оруулалтын өнөөгийн чиг хандлага оролцогчдын анхаарлыг ихээхэн татаж байв. Судалгаанаас гарсан гол статистик мэдээллүүдийг багцлан хүргэвэл:
Япон улсын оролцоо: Монгол дахь Японы хөрөнгө оруулалт нь нийт Моногл дахь Гадаадын шууд хөрөнгө оруулалт (FDI)-ийн 3.5%-ийг эзэлж, ойролцоогоор 1.7 тэрбум ам.долларт хүрчээ.
Аж ахуйн нэгжийн тоо: Өнөөдрийн байдлаар Японы хөрөнгө оруулалттай нийт 408 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа нь тус улсын тогтвортой, урт хугацааны оролцоог батлан харуулж байна.
Салбарын төвлөрөл: Японы хөрөнгө оруулалт нь үйлчилгээ болон худалдааны чиглэлд илүү давамгайлж байгаа бөгөөд дараах байдлаар хуваарилагдаж байна:
-Бөөний болон жижиглэн худалдаа, авто засвар: 44%
-Захиргаа, дэмжих үйлчилгээ: 14%
-Мэргэжлийн болон техникийн үйлчилгээ: 6%
-Бусад салбар: 36%
Энэхүү уулзалт нь Монгол, Японы бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж бидний зүгээс дүгнэж байна.