en mn jp
09:00 ~ 18:00
(+976)7704-1414
contact@akp.mn

Хөрөнгө оруулагч буюу B ангиллын виз хэрхэн мэдүүлэх вэ?

Posted by: Alison&Kate Partners
Date: 2026-06-20
Хөрөнгө оруулагч буюу B ангиллын виз хэрхэн мэдүүлэх вэ?

Нийтлэгч: Эрх зүйч Т.Мөнхбат

 

Манай хуулийн фирм нь энэ удаад гадаадын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад зориулан хэрэгцээтэй, чухал сэдвээр блог бичиж оруулах болсныг дуулгахад таатай байна.

Энэхүү нийтлэл дараах агуулгаас бүрдэнэ.

1.     B ангиллын визийн онцлог, төрлүүд

2.     Хөрөнгө оруулагчийн тодорхойлолт авах

3.     Визийн зөвшөөрөл авах

4.     Виз даруулах

5.     Оршин суух зөвшөөрлийн үнэмлэх авах

6.     Зардал

7.     Торгууль

1. B ангиллын визийн онцлог, төрлүүд

Гадаадын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулалттай компанийн гүйцэтгэх удирдлага, гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын төлөөлөгч нь Монгол улсад зорчих, урт хугацаагаар оршин суухад Хөрөнгө оруулагч буюу B ангиллын визийг мэдүүлдэг. Тус виз нь дараах төрлүүдтэй байна. Үүнд:

·         B1 - Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч;

·         B1-1 - Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн хамаарал бүхий этгээд;

·         B2 - Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэн;

·         B2-1 - Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэний хамаарал бүхий этгээд;

·         B3 - Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдлагаар ажиллах гадаадын иргэн;

·         B3-1 - Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдлагаар ажиллах гадаадын иргэний хамаарал бүхий этгээд.

Үүнд "хамаарал бүхий этгээд" гэж гадаадын иргэний эхнэр, нөхөр, хүүхэд,  хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийг гэрчлэх баримт бүхий гадаадын иргэнийг хэлнэ.

Хөрөнгө оруулан эсхүл гадаадын хөрөнгө оруулалттай компанийн удирдлагаар томилогдон оршин суух үйл явц нь дараах шат дараалалтай байх бөгөөд тус бүрчлэн анхаарах зүйлсийг товч тайлбарлая.

2. Хөрөнгө оруулагчийн тодорхойлолт авах

            Хөрөнгө оруулагч нь Монгол улсад хөрөнгө оруулалтыг 2 аргаар хийж болно. Эхнийх нь гадаадаас дотоодын данс руу цахим шилжүүлгээр хөрөнгө оруулах юм. Энэ тохиолдолд тухайн банкинд хандаж, цахим шилжүүлгээр хөрөнгө орж ирсэн талаар тодорхойлолт гаргуулан авч нотлох юм. Хэрэв гадаадын хөрөнгө оруулалттай компанийг хараахан үүсгэн байгуулаагүй бол дотоодын аль нэг банкинд хандаж түр данс нээлгүүлнэ.

Хоёрдугаар арга нь хилээр бараа материал, тоног төхөөрөмж оруулж ирэх ба энэ тохиолдолд гаалийн бүртгэл, тодорхойлолтоор хөрөнгө оруулалтыг нотлох юм.

            Ийнхүү хөрөнгө оруулсны дараагаар хөрөнгө оруулагч, эсхүл тухайн гадаадын хөрөнгө оруулалттай компанийн удирдлагаар томилогдогч, гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын төлөөлөгч нар хөрөнгө оруулагчийн тодорхойлолтыг https://e-business.mn/ цахим системд хандаж авна.

3. Визийн зөвшөөрөл авах

            Хөрөнгө оруулагчийн тодорхойлолт авсны дараа Гадаадын иргэн, харьяатын газарт хандаж Визийн зөвшөөрөл хүснэ.

            Ингэхдээ дараах материалыг бүрдүүлж, зөвхөн цахимаар хүргүүлнэ.

a)    Уригч байгууллагын албан хүсэлт

b)    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм

c)     Сүүлийн 3 жилийн татвар болон нийгмийн даатгалын тодорхойлолт

d)    Компанийн аудитын дүгнэлт

e)    Хөрөнгө оруулалт, худалдааны газраас олгосон Хөрөнгө оруулагчийн тодорхойлолт

f)      Хүсэлт гаргаж буй ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэх, ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэх

g)    Хаягийн баталгаажуулалт

h)    Мөн бусад шаардлагатай материалууд

Уригч байгууллагын албан хүсэлтэд уригдагч гадаад иргэний Монгол улсад байх хугацаа, виз олгох газар, ажиллах салбарыг зөв дурдахыг онцгойлон анхаарна уу.

Хаягийн баталгаажуулалт дээр дараах зүйлийг анхаарах шаардлагатай. Хэрэв хөрөнгө оруулагч түрээсийн байранд байх бол Түрээсийн гэрээг өгөх шаардлагатай. Түрээсийн гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хавсаргасан байна. Үүнээс гадна түрээсийн гэрээнд гадаадын иргэнийг эсхүл уригч байгууллагыг төлөөлж байгууллагын ажилтан эсхүл хэн нэгэн этгээд гарын үсэг зурах бол тухайн этгээдийн хэн болохыг тодорхойлсон баримт, итгэмжлэл зэргийг хавсаргах хэрэгтэй. Мөн тухайн баг, хорооны Засаг даргаас тухайн хаягт гадаадын иргэн нь оршин суугаа талаар тодорхойлолтыг авбал зохистой байна.

Материалыг бүрдүүлэн Гадаадын иргэн, харьяатын газрын цахим систем болох https://isf.mn/mn/service-рүү нэвтрэн орж, өгнө.

4. Виз даруулах

            Визийн зөвшөөрөл авсны дараа 60 хоногийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд энэ хугацаанд багтаж виз даруулна.

Гадаадын иргэн нь Визийг a) Гадаад улсад байрлах Монгол улсын дипломат төлөөлөгчийн газар, эсхүл b) хилийн боомт эсхүл c) нисэх онгоцны буудал дээр даруулах боломжтой.

Хэрэв Виз даруулах газар солигдсон тохиолдолд визийн зөвшөөрлийг дахин мэдүүлэх шаардлагатай тул анхаарна уу.

5. Оршин суух үнэмлэх авах

            Хамгийн сүүлийн шат буюу оршин суух үнэмлэх авах шатыг танилцуулъя.

Үүний тулд Уригч байгууллага нь хөрөнгө оруулагчийн цээж зураг, пасспортын хуулбар, албан хүсэлт /үүнд үйл ажиллагааны чиглэл, уригдагч иргэний Монгол улсад ямар төрлийн оршин суух зөвшөөрөл хүсэж байгаа болон Монгол улсад байх хугацаа зэргийг дэлгэрэнгүй дурдсан байх/ зэргийг бүрдүүлэн, Гадаадын иргэн, харьяатын газарт цахим системээр илгээх юм.

Уригч байгууллага нь уригдагч иргэнийг Монгол улсын хилээр орж ирснээс хойш хуанлийн 21 хоногт багтааж, оршин суух үнэмлэх авах хүсэлт гаргах шаардлагатай байдаг.

B ангиллын визийг эхний удаад 1 жил хүртэлх хугацаанд олгох ба үүнээс цааш компанийн үйл ажиллагааны тогтвортой байдал, гадаадын иргэн нь гэмт хэрэгт холбогдсон эсэхээс хамааран нэг удаад 3 хүртэлх жилээр сунгуулах боломтой.

6. Зардлууд

            Ийнхүү дээрх бүх шатны ажилд нийт хэр хэмжээний зардал гарах талаар авч үзье.

1)    Визийн зөвшөөрөл авах үйлчилгээний хураамж 2,500₮

2)    Виз даруулах үйлчилгээний хураамж 5$ + Энгийн нэг удаагийн орох визийн төлбөр 45$

3)    Оршин суух зөвшөөрөл авах тэмдэгтийн хураамж 135,000₮ + Үйлчилгээний хураамж 7$

Дээрх тооцоолол нь хамгийн багаар буюу нэг гадаад иргэнийг яаралтайгаар бус энгийн хугацаанд зөвшөөрөл аван оруулж ирэх тооцоолол болно. Мөн үүнээс гадна нотариатаар бичиг баримт хуулбарлуулах, итгэмжлэл хийлгэх, баталгаат орчуулга хийлгэх, замын зардал гэх мэт өөр бусад зардлууд гарч болохыг анхаарна уу.

7. Хугацаа болон торгууль

1)    Визийн зөвшөөрөл авсны дараа 60 хоногийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд энэ хугацаанд багтаж виз даруулна. Үүнд торгууль байхгүй бөгөөд хугацаа дууссан тохиолдолд дахин шинээр Визийн зөвшөөрөл авах шаардлагатай.

2)    Уригдагч иргэнийг Монгол улсын хилээр орж ирснээс хойш хуанлийн 21 хоногт багтааж, оршин суух үнэмлэх авах хүсэлт гаргах шаардлагатай бөгөөд 21 хоногт багтаж хүсэлтээ гаргаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 10,000 төгрөгөөр торгоно.

Энэхүү нийтлэлтэй холбоотой дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээллийг авахыг хүсвэл та манай доорх хаягаар холбогдоорой.

E-mail: contact@akp.mn

Tel: 7704-1414