en mn jp
09:00 ~ 18:00
(+976)7704-1414
contact@akp.mn

Компанийн удирдлагуудад: Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргээс сэргийлэх нь

Posted by: Alison&Kate Partners
Date: 2025-09-23
Компанийн удирдлагуудад: Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргээс сэргийлэх нь

Нийтлэгч: Хуульч Р.Нямцэрэн 

Сайн байна уу, хууль зүйн мэдлэгийг хялбар, ойлгомжтой хүргэх зорилгоор АКР хуулийн фирмээс гаргаж буй ээлжит нийтлэлээрээ уулзаж буйдаа таатай байна.  

Тус нийтлэл нь хуулийн этгээдийн Гүйцэтгэх захирал болон удирдах албан тушаалтнуудад түгээмэл тохиолддог татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар товч танилцуулна. 

Энэхүү нийтлэл дараах агуулгаас бүрдэнэ. 

1. Бизнес болон Татвар  

2.“Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг болон “Татварын хууль тогтоомж зөрчих” зөрчлийн хэрэгийн ялгаа 

3.Шүүхээр компанийн удирдлагад хариуцлага ногдуулсан кэйс 

4.Хуулийн этгээдийн удирдлага таны анхаарах зүйлс 

  1. Бизнес ба Татвар  

Бизнесийн үйл ажиллагаа эрхлэх болон татвар төлөх харилцаа нь нэг зоосны хоёр тал гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, та компани байгуулан үйл ажиллагаа эрхэлж, ашиг орлого олж байгаа бол нөгөө талдаа та хууль ёсны дагуу орлого, зарлагаа үнэн зөв тайлагнаж, холбогдох татваруудаа төлөх нь зайлшгүй асуудал юм. Энэ нь бидний Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үндсэн үүрэг төдийгүй дэлхийн аль ч улс оронд байдаг тогтолцоо билээ. 

Бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байх үед хэд хэдэн төрлийн татваруудыг татварын албанд төлдөг. Тухайлбал, та бүхний хамгийн сайн мэдэх Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, ажилтан ажиллуулдаг бол Хувь хүний орлогын албан татвар, үл хөдлөх эд хөрөнгө болон автомашин гэх зэрэг үндсэн хөрөнгөтэй бол Үл хөдлөх хөрөнгийн татвар, Тээврийн хэрэгслийн татвар зэрэг олон төрлийн татварууд үүснэ.  

Компанийн удирдлагууд бид орлого болон зарлагаа үнэн зөв бүртгэж, нягтлан бодох бүртгэлийн болон санхүү татварын тайлангуудаа зөв хийх аваас татварын хууль тогтоомжийн дагуу олон янзын хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулал, буцаан олголтыг авах боломжтой байдаг.  

Гэвч хэрэв татвараа бууруулах эсхүл огт төлөхгүй байх зорилгоор орлого болон хөрөнгөө үнэн зөвөөр тайлагнахгүй бол, эсхүл зохих ёсны татвараа төлөхгүй бол ямар эрсдэл хүлээх вэ? 

Зарим тохиолдолд компанийн удирдлага, Гүйцэтгэх захирлууд нь өөрсдөө ч мэдэлгүй татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг эсхүл зөрчлийн хэрэгт татагдаж шалгагдах нь цөөнгүй. Эдгээр гэмт хэрэг, зөрчилд татагдах, шалгагдах нь Гүйцэтгэх захирал, удирдлагуудын ажлын үр бүтээмжийг багасгаж, тэдэнд зардал мөнгөний болоод сэтгэл санааны асах их дарамт болох нь бий. Ноцтой тохиолдолд компанийн үйл ажиллагааг доголдуулах, удаашруулж ч болзошгүй юм. 

Ийм учраас Гүйцэтгэх захирлууд, удирдлагууд та бүхэн Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг болон Татварын хууль тогтоомж зөрчих зөрлийн хэргийн талаар үндсэн ойлголттой байж, үүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал юм.

  1. Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг болон Татварын хууль тогтоомж зөрчих зөрчлийн хэрэг 

 Монгол Улсын Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулийн аль алинд нь татвартай холбоотой үйлдэлд ногдуулах хариуцлагын талаар хуульчилсан байдаг. 

 Тухайлбал, Эрүүгийн хуулийн 18.3-т “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг”-ийн талаар тусгасан байдаг бол Зөрчлийн тухай хуульд “Татварын хууль тогтоомж зөрчих зөрчил”-д ногдуулах хариуцлагын талаар тусгасан байдаг.  

Хууль 
Эрүүгийн хуульд 
Хуулийн заалт 
18.3 дугаар зүйл. Татвар төлөхөөс зайлсхийх  1.”Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” 
Хариуцлага хүлээх субъект 
Хуулийн хариуцлага хүлээх субъект нь Гүйцэтгэх захирал, ТУЗ-ын гишүүн, бусад эрх бүхий албан тушаалтан хувь хүн эрүүгийн хариуцлага хүлээдэг онцлогтой. 
Үйлдлийн субъектив санаа сэдэл 
Гэмт үйлдлийн санаа зорилго нь татвар төлөхөөс зайлсхийх зорилготой байна. Үйлдэл нь зориуд, санаатай байна. 
Объектив тал 
Нуун дарагдуулсан эсхүл зориуд худал тайлагнасан татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээний хэмжээ нь “их хэмжээний” байна. Их хэмжээний гэдэг нь Эрүүгийн хуулийн 2.5.4-т зааснаар 50,000,000 төгрөгөөс дээш хэмжээ байна. Үйлдэл нь “зориуд худал тодорхойлсон” буюу тайлан бүртгэлдээ буруу, худлаа тайлагнасан байна. Эсхүл “нуусан” буюу огт нягтлан бодох бүртгэлийн тайланд оруулаагүй байх явдал юм.  

Харин хуулийн этгээдийн татвартай холбоотой зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй байх тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн холбогдох зүйл заалтаар хуулийн этгээдэд хариуцлага ногдуулж байна. Энэ нь маш өргөн хүрээтэй зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, тайлангаа хугацаанд нь өгөөгүй, татвараа хугацаанд нь төлөөгүй, татварын хянан шалгалтыг оруулаагүй, дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, ибаримт буюу төлбөрийн баримт олгоогүй гэх зэрэг үйлдлүүдэд үйлдлүүдэд торгох, нөхөн татвар ногдуулах зэрэг хариуцлага ногдуулна. 
Тухайлбал, дараах зөрчлүүд нийтлэг байдаг.  
3. Шүүхээр компанийн удирдлагад хариуцлага оногдуулсан кэйс 
Энэ хэсэгт Та бүхэнд Компанийн Гүйцэтгэх захирал, удирдлага, нягтлан эрх бүхий албан тушаалтанд эрүүгийн ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг танилцуулъя. 
 Шүүхийн кейс №1. НӨАТ-ын баримтыг хий шивүүлсэн нь 
Үйл баримт: Шүүгдэгч Д.М- нь “О т т” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу захирлаар ажилладаг бөгөөд тус компани нь Барс зах дээр жимс ногоо бөөний үнээр борлуулах үйл ажиллагаа явуулдаг байсан. Д.М нь анх 2022 оны 8 дугаар сарын үед фейсбүүк дээрээс “НӨАТ-ын илүүдэл шивж өгнө” гэсэн зар хараад уг зарын дагуу холбогдон өөрийн компани дээр 2022 оны жилийн эцэс, 2023 оны нэгдүгээр улирлын тайлант хугацаанд “А” ХХК-иас 6 ширхэг падаанаар 618,181,816 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр НӨАТ шивүүлсэн. Ингэснээр төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 61,818,179 төгрөгөөр бууруулсан байна. Үүний хариуд зар тавьсан этгээдтэй тохиролцсоны дагуу нийт шивж өгсөн үнийн дүнгийн 1.8 хувьтай тэнцэх төлбөр буюу 11,000,000 орчим төгрөгийг тухайн зар тавьсан этгээд рүү үйлчилгээний хөлс болгон шилжүүлсэн байна. 
 Нийслэлийн прокурорын газраас Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 
  Анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.М-ыг “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Д.М-аас 61,818,179 төгрөг гаргуулан Татварын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэжээ.
 Давж заалдах гомдол: Д.М нь тус хэрэгт мэргэжлийн хуульч өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд давж заалдах гомдолдоо “Миний НӨАТ шивүүлсэн хүнд төлсөн 11,000,000 төгрөгийг хохиролоор гаргуулж авах хүсэлтэй байна. Мөн би зүрхний өвчтэй, зүрхээ байнга үзүүлж эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтад байдаг. Биеийн эрүүл мэндийн байдал хүндрэх үед яаралтай эмнэлгүүдээр явах, цаашлаад БНХАУ-руу эмчилгээнд явдаг юм. Тиймэээс 6 сар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн шийтгэх тогтоолыг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү” гэж дурджээ.
 Нийслэлийн давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Энэ хэргээс харахад, Д.М захирал нь татвар бага төлөхийн тулд бусдаас НӨАТ шивүүлж авснаар компани нь НӨАТ-ыг нөхөн төлөх болж, улмаар татварын албанаас зарим эд хөрөнгийг битүүмжлэх, үйл ажиллагаа зогсох эрдслийг дагуулсан байна. Мөн Д.М нь бусдад 11 сая төгрөг төлснөөр нэмэлт хохирлыг өөртөө бий болгосон байна. Түүнчлэн Баянгол дүүргээс гарч болохгүй  гэх эрүүгийн хариуцлага хувийн болон бизнесийн үйл ажиллагаанд нь саад учруулах нөхцлийг бий болгожээ. 
Шүүхийн кейс №2.
Үйл баримт:  Д.Т- нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны 04 дүгээр сараас 06 дугаар сарын татварын тайлант хугацаанд “Б” ХХК-иас 31 ширхэг падаанаар 1,000,000,000 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 100,000,000 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ. 
Нийслэлийн прокурорын газраас: Д.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 
Анхан шатны шүүх: “А”  ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын татварын тайланг засварлаж илгээсэн эсэх, хэрэв тайланг засварласан тохиолдолд ямар шалтгааны улмаас засварласан зэрэг нөхцөл байдлыг тодруулах нь гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр, сэдэлтийг бүрэн тогтоох ёстой гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэн байна.Шүүхээс Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж, мөн зүйлийн 31.2-д “хэрэв татвар төлөгч татварын тайлангийн ногдлыг бууруулах залруулга хийх бол уг залруулгыг нотлох анхан шатны болон холбогдох бичиг баримтын хамт залруулсан тайланг ирүүлнэ” гэж тус тус хуульчилсан бөгөөд хууль тогтоогч татвар төлөгчийг татварын тайланг залруулах боломжийг олгосон зэрэг байдлаас харвал, хуулийн дээрх шаардлагын хүрээнд “А” ХХК-ийн 2022 оны эхний хагас жилийн анхны илгээсэн болон залруулга хийсэн тайлан, түүнчлэн эдгээртэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хийх нь яллагдагчийн гэмт хэрэгтээ хандсан гэм буруугийн хэлбэр, сэдэлтийг тогтоохоор шийдвэрлэжээ. Эх сурвалж: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан
Дээр дурдсан хоёр бодит кэйсийн хувьд авч үзвэл эхний кэйсийн хувьд шүүгдэгч нь мэргэжлийн хуульч, өмгөөлөгчийн туслалцааг авахгүйгээр хэрэгт оролцож эрүүгийн хариуцлага хүлээж ял авсан байна. Харин удаах кэйсийн хувьд мэргэжлийн өмгөөлөгчийн туслалцаатайгаар гэмт хэргийн үнэн сэдэлтийг тогтоолгуулахаар мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулахаар шийдвэрлүүлсэн нь харагдаж байна. 
4. Хуулийн этгээдийн удирдлага таны анхааралд
Ихэнх тохиолдолд тухайн гэмт хэргийг мөрдөж буй мөрдөн байцаагчийн зүгээс Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлд заасан Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн материаллаг бүрэлдэхүүнийг чухалчлан 50,000,000 төгрөгөөс дээш байвал эрүүгийн хэрэг үүсгэж байна. Гэмт хэргийн үйлдлийн шинж болон сэдэлтийг нарийвчлан шалгахгүй орхигдуулах түүнчлэн санхүүгийн нарийвчилсан шинжээчийн дүгнэлт болон татварын байцаагчийн дүгнэлтэд дурдагдсан мөнгөн дүнгүүдийн зөрүүтэй байдал зэргийг нарийвчлан шалгахгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь бий. Зарим тохиолдолд компанийн эрх бүхий албан тушаалтан болох нягтлан нь санаатай болон санамсаргүй алдааны улмаас тайлангаа буруу илгээх, алдах зэрэг үйлдэл нь өөрөө шууд гэмт хэргийн сэдэлттэй байсан эсэх нь эргэлзээтэй юм. Ийм учраас мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авах, гэрээ хэлцлээ хуульчтай зөвлөлдөж хийх нь бизнесийн моделоо зөв гаргах, гэрээ хэлцэл, мөнгөн урсгалыг зөв гаргаж, татвараас зугтах биш, хуулийн дагуу татварын тогтолцооны үр шимийг хүртэх боломжтой юм. 

Энэхүү нийтлэлтэй холбоотой дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээллийг авахыг хүсвэл та манай доорх хаягаар холбогдоорой. 

 E-mail: contact@akp.mn
 Tel: 7704-1414