en mn jp
09:00 ~ 18:00
(+976)7704-1414
contact@akp.mn

Хууль зүйн хүрээнд хэрхэн авлага барагдуулах вэ?

Posted by: Alison&Kate Partners
Date: 2025-09-15
Хууль зүйн хүрээнд хэрхэн авлага барагдуулах вэ?

Нийтлэгч: Эрх зүйч Т.Мөнхбат

Сайн байна уу, хууль зүйн мэдлэгийг хялбар, ойлгомжтой хүргэх зорилгоор АКР хуулийн фирмээс гаргаж буй цуврал блогийн ээлжит дугаарыг хүлээн авна уу. 

Хувь хүмүүсийн хувьд бусадтай зээлийн гэрээг бичгээр эсхүл амаар байгуулчихаад дараа нь зээл болон хүүгээ буцааж авч чадахгүй байх тохиолдлууд байдаг. Харин компанийн хувьд ажил, үйлчилгээ үзүүлэх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх зэргээр бараа, ажил, үйлчилгээ борлуулсан авч төлбөрөө авч чадахгүй тохиолдлууд их байдаг.  

Тэгвэл бид энэхүү дугаартаа энэ мэт амаар болон бичгээр байгуулсан гэрээний дагуу бусдаас авч чадахгүй байгаа өр, төлбөр, авлагыг хууль зүйн хүрээнд хэрхэн, шүүхийн болон шүүхийн бус аргаар шийдэж болох талаар мэдээлэл бэлдлээ. 

Энэхүү нийтлэл дараах агуулгаас бүрдэнэ. 

  1. Шүүхийн бус аргаар авлага барагдуулах 

    1.1. Хариуцагчид шаардлага хүргүүлэх 

    1.2.Эвлэрлийн хэлцэл

    1.3. Эвлэрүүлэн зуучлагчид хандах 

  2. Шүүхийн аргаар авлага барагдуулах 

    2.1. Иргэний хэргийн шүүх 

    2.2. Арбитр 

  3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 

  4. Зардал 

  5. Авлага барагдуулахад анхаарах зүйлс  

1. Шүүхийн бус аргаар авлагаа барагдуулах арга 

Хуульч, өмгөөлөгч бид маргааныг эхлээд эвийн аргаар шийдвэрлэхийг санал болгодог. Ингэснээр зарим тохиолдолд үйлчлүүлэгчийн маань болоод нөгөө талын цаг, зардлыг ч хэмнэх тохиолдол бий.  
1.1. Хариуцагч этгээдэд албан ёсны шаардлага хүргүүлэх 
Юун түрүүнд төлбөр төлөх үүрэг бүхий этгээдэд төлбөрөө төлөхгүй бол түүнд учирч болох эрсдэлүүд, хуулийн хариуцлагыг тайлбарлаж, ойлгуулах хэрэгтэй. 
Ингэхдээ тодорхой хугацаанд төлбөр төлөхийг шаардаж, заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хэрхэх талаар үндэслэл бүхий тайлбарыг албан бичгээр хүргүүлэх бөгөөд энэхүү албан бичиг нь цаашид шүүхэд нэхэмжлэл гаргах тохиолдолд нотлох баримт болон ашиглагдах боломжтой. 
Анхаарах зүйл нь та энэхүү албан бичигт тусгах агуулга, хуулийн хариуцлагын талаар хуульчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй. 
1.2. Эвлэрлийн хэлцэл 
Хэрэв та хариуцагч этгээдтэй харилцан тохиролцож, төлбөрийг хэсэгчлэн эсвэл хөнгөлөлттэйгээр барагдуулахыг зөвшөөрвөл Эвлэрлийн гэрээг байгуулах боломжтой юм. Энэ нь зарим тохиолдолд талуудын цаг хугацаа, зардлыг хэмнэх давуу талтай байна. 
Анхаарах зүйл нь эвлэрлийн гэрээгээ та заавал нотариатаар баталгаажуулахыг зөвлөж байна. Ингэснээр та дараа нь шүүхийн шатыг алгасаж, цаг болон зардлаа хэмнэх боломжтой юм. 

1.3. Эвлэрүүлэн зуучлагч 

Талууд сайн дурын үндсэн дээр эвлэрэх хүсэлтэй байвч харилцан тохиролцож, шийдэлж хүрч чадахгүй байвал иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн эрхийн маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлагчид хандаж болох бөгөөд эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагааны зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад орших юм. 
2. Шүүхийн аргаар авлага барагдуулах 
Хэрэв эвийн журмаар өр төлбөрийг барагдуулах боломжгүй бол хуульч, өмгөөлөгчид хандан шүүхийн журмаар авлага барагдуулах ажиллагааг эхэлнэ. 
2.1. Иргэний хэргийн шүүх 
Хариуцагчийн оршин байгаа газрын харьяаны иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргааныг хянан шийдвэрлүүлнэ. 
Нэхэмжлэлдээ зээлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээ гэх мэт гэрээ хэлцэл, гэрээ байхгүй бол амаар хэлцэл хийснийг нотлох бусад баримт бичиг, ажил үйлчилгээ, бараа нийлүүлснийг нотлох баримтууд зэргийг хавсаргаж өгнө. 
2.2. Арбитр 
Хэрэв талууд гэрээ, хэлцэлдээ маргаан үүссэн тохиолдолд арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон бол арбитрт нэхэмжлэл гаргаж, маргааныг хянан шийдвэрлүүлэх юм. 
Мөн түүнчлэн шүүх эсвэл арбитрт зохих журмын дагуу нэхэмжлэл гаргах, нотлох баримт бүрдүүлэх, шүүх хуралдаанд оролцох зэрэг үйл ажиллагаанд хуульчид хандаж, зөвлөгөө авах нь зүйтэй. 
3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 
Хуулийн дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан хэдий ч зарим тохиолдолд хариуцагч этгээд нь сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалздаг. Энэ тохиолдолд шүүхэд албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, гүйцэтгэх хуудас авна. Цаашлаад шийдэр гүйцэтгэх газарт хандаж, хариуцагч этгээдэд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх арга хэмжээ авах юм.
4. Зардал 
Талууд харилцан тохиролцож, шүүхийн бус аргаар шийдвэрт хүрч чадвал цаг хугацаа болон зардлыг хэмнэх давуу талтай. Гэсэн хэдий ч энэ нь үр дүн багатай байдаг. Иймд шүүх байгууллагад хандахад хүрэх бөгөөд энэ тохиолдолд өмгөөлөгчийн хөлс, улсын тэмдэгтийн хураамж гэх мэт тодорхой хэмжээний зардал гардаг. Таны авах авлагын хэмжээнээс хамаарч өмгөөлөгчийн хөлс, улсын тэмдэгтийн хураамжийн зардал нь өөр өөр байдаг тул та харьяа дүүргийн шүүхийн мэдээлэл, лавлагааны ажилтан, эсхүл өмгөөлөгчид хандаж мэдээлэл аваарай. 
5. Авлага барагдуулахад анхаарах зүйлс
 Шүүхэд аман тохиролцоо болон бэлнээр шилжүүлсэн эд хөрөнгийг нотлоход хэцүү байдаг. Иймд та хэн нэгэн хүнд бараа худалдах, үйлчилгээ үзүүлэх эсвэл эд хөрөнгө зээлдүүлэх бол хуулийн дагуу гэрээг бичгээр үйлдэх, иргэд хооронд гэрээ байгуулах тохиолдолд нотариатаар баталгаажуулах хэрэгтэйг анхаарна уу. Ингэснээр маргаан үүссэн тохиолдолд шүүхэд өгөх шаардлага хангасан нотлох баримттай болох юм. Хэрэв гэрээ байгуулах боломжгүй, яаралтай ажил хийх шаардлагатай тохиолдолд дараах арга хэмжээг авч болно. Жишээ нь: Бараа худалдах бол зарлагын баримт, акт үйлдэж, үүн дээрээ харилцагч талынхаа гарын үсгийг зуруулж, тамга тэмдгийг даруулж авна. Ажил, үйлчилгээ үзүүлэх бол мэйл, чат, илгээсэн болон холбогдох баримт бичгүүдээ хадгалж, архивлан үлдэх хэрэгтэй. Эд хөрөнгө, мөнгө зээлдүүлэх бол бэлэн бусаар шилжүүлэх бөгөөд гүйлгээний утгыг “зээл”, “зээл олгов” гэх мэтчилэн өгөх нь зүйтэй. Учир нь бэлнээр шилжүүлсэн хөрөнгийг нотлох боломжгүй байдаг. Иймд та хэн нэгэн этгээдэд бараа, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ шилжүүлэх бол өөртөө эргүүлэн нотлох боломжтой баримт үлдээж байх хэрэгтэйг анхаарна уу.  
Энэхүү нийтлэлтэй холбоотой дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээллийг авахыг хүсвэл та манай доорх хаягаар холбогдоорой. 
 E-mail: contact@akp.mn
 Tel: 7704-1414